Өнгөрсөн жил Хайнань явна гэж төлөвлөж байтал санхүүгийн хямрал гэнэт үүсээд олон хүний бодож төлөвлөж байсан энэ аялал маань бүтэлгүй болсон түүхтэй. Түүний дараа, хавар нь ингэж нэг санал асуулга маягийн авах гэж нэг үзээд..., тэндээсээ энэ аялалыг сонгоод явах гэж бас нэг үзсэн хэдий ч би өөрөө хөдөөгүүр тэнэж байж хугацаагаа оройтуулан зарлаад, нөхдүүдийн хаврын ажил эхлээд, өө бас тэр муу гахайн ханиад нь гарч, хил хорио тогтоогоод... тэр сайхан аялал дашин шог болсон бас нэг түүхтэй. тэгээд би гэдэг амьтан жаахан хор шар хөдлөөд ч юм уу, эсвэл их харамсаад ч юм уу, үгүй бол бүүр занаад ч байгаа юм уу гэмээр энэ нэгэн бичлэгийг хийж, аялалаа намар хийхээр болжээ.
За тэгээд нэлээн бодож төлөвлөсний эцэст БНХАУ-ын Далянь хот руу энэ удаагийн аялалаа зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Далянь хот бол Хятадын хамгийн хойд талын далайн томоохон боомт хотуудын нэг бөгөөд Ляонинь /Liaoning/ мужийн хоёр дахь том хот ажээ.

Ерөнхийдөө бол Номхон далайн Шар тэнгис, Бохай булангийн зүүн хойд талд орших бөгөөд эрт, дунд олон цагийн Хятадын түүхэнд холбогдох олон тооны дурсгалт газруудыг агуулсан, орчин үеийн томоохон хот юм байна. Тухайлбал, уг хотын түүх Хятадын түүхэн дэх Чинь, Хань династийн үед /МЭӨ 221 - МЭ 220// эхлэлтэй. Эрт үеийн түүхэндээ хөрш Гёгүрёогийн хяналтанд орж, нэлээд хожим нь Их Британи ба Японд эзлэгдэж, мөн өнгөрөгч зууны эхээр Оросын мэдэлд ч шилжиж байсан нь энэ хот Хятадын төдийгүй бусад улсуудын хувьд газарзүйн байрлалын хувьд хамгийн өндөр стратегийн ач холбогдолтой газар байсныг илтгэж байна.

Энэ хот нь түүхэндээ мөн олон өөр нэрээр нэрлэгдэж байснаас бидний хамгийн сайн мэдэх нь Порт Артур буюу Их Британийн хатан хаан Викториягийн хүү Артурын нэрээр нэрлэгдэж байсан нь билээ. Хожимхон нь Оросууд эзэлснээр өнөөгийн Далянь гэдэг нэр нь үлдсэн байна. Энэ нь оросоор Дальный буюу алс холын, захын гэсэн утгыг илэрхийлнэ, өөрөөр хэлбэл энэ хот Оросын ази дахь хамгийн алслагдсан боомт хот байсан юм.

Өдгөө энэ хот энэ их түүхийн олон ул мөрийг хадгалсан хэвээр бөгөөд аялал жуулчлалын нэг чухал бүс нутаг болон хөгжиж байна. Энд бидний үзэж сонирхох боломжтой олон тооны газрууд байна, үүнээс одоогийн байдлаар усан паркад тоглох, Номхон далайгаар усан онгоцоор аялах, дэлхийн 2-р дайны түүхт газруудтай танилцах, Тоглоомын паркад тоглох зэрэг газруудыг нь сонгоод байна. Явцын дунд улам олон сонирхолтой газруудыг бид хамтдаа нээх болно гэдэгт итгэлтэй байж болно шүү.

Дараа улам дэлгэрүүлж бичлэг хийх болно...



Сэтгэгдэлүүд:
Аяко сайн уу хөгшөөн, бүр үзэгдэхээ ч больжээ, хэхэ...
Туул аа, маргааш яг энэ талаар дэлгэрэнгүй бичлэг оруулна аа...
Saihan sonstoj bna, hezee hed honog yavah, zardal ene ter ni tod bol negdej bolj bna shu.
Сэтгэгдэл үлдээх: