Хөвсгөл рүү аялсан тэмдэглэл /5/ - ОРХОНЫ ХӨНДИЙН СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД

Хархорин сум нь зөвхөн Монголын эртний нийслэлийн туурийг хадгалж байдгаас гадна энэ сумын орчимд 50 - 80 км тойрогт Монголын эртний түүх соёлын олон гайхамшигтай дурсгалууд байдаг. Энэ нь Монголчууд эртнээс нааш өөрийн нутгийн төвийг голлож нийслэл хотоо байгуулж байсны баталгаа болох юм.

Ийм ч учраас тэдгээр дурсгалт газруудыг хамтатган, ЮНЕСКО-оос "Дэлхийн өв"-д "СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРЫН ЛАНДШАФТ" ангиллаар бүртгэн авсан болно. 2004 онд болж өнгөрсөн энэхүү түүхэн ч гэх юм уу, гайхамшигтай ч гэх юм уу, ямартай ч Монголчууд бидний хувьд ихээхэн чухал ач холбогдолтой үйл явдлын тухай Монголчууд бид өөрсдөө харин харьцангуй бага мэддэг санагдах юм. Тийм ч учраас өмнө бичиж байсан нэг бичлэгээ дахин шинэчилж энэ цувралд оруулахыг хүссэн болой.

Дэлхийн Өв - Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газар нь нийт 121967 га газрыг эзлэн орших бөгөөд энд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Хархорин сум, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдын нутаг багтаж байгаа юм. Энэ газар нутагт байрлах түүх, соёлын дурсгалт газруудыг товч тайлбаруудыг энд оруулав, тус бүрээр нь дэлгэрэнгүй бичлэгүүд үйлдэх болно.

1. Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд - Хархорин хотоос зүүн хойт зүгт 45 км зайтай, Орхон голын баруун эрэгт байрлана. Энэ нь Зүүн Түрэг улсын төрийн нэрт зүтгэлтэн Билгээ хаан (683-734) болон Культегин (Түрэгийн цэргийн жанжин, Билгээ хааны дүү, 684-731) нарын дурсгалд зориулан босгосон хоёр цогцолбороос бүрдэнэ. Эдгээр дурсгалууд Төв Азид манай эриний VI-VIII зуунд ноёрхож байсан Түрэгийн эзэнт гүрний хамгийн чухалд тооцогддог. Энэ дурсгал дээр бичигдсэн Түрэгийн руни бичээс Төв азийн түүх, соёлын судалгаанд хосгүй үнэтэй мэдээллийг хадгалж байдаг. /эдгээрийн тухай энэхүү цуврал бичлэгийн 3 дугаарт дэлгэрэнгүй бий/

2. Хар балгас хотын туурь – Хархорин хотоос зүүн хойт зүгт 34 км зайтай, Архангайн Хотонт сумын нутагт байдаг. Энэ хотыг МЭ 761 онд Уйгарын хаан Тейлогийн ордныг барьж эхэлснээр үүсгэжээ. Хар балгас нь Уйгурын эзэнт гүрний засаг захиргааны төв, худалдаа эдийн засгийн тив хоорондын гүүр болж байжээ. Олонхи нүүдэлчид хотоо тойруулан хэрэм барьж байгаагүй атал Хар балгаст ийм хэрэм барьж байжээ. 840 онд Хэргэсүүд довтолсноор эвдэн сүйтгэгдсэн. Хот нь 5 х10 км газар нутгийг эзэлж, хааны ордон нь 412 х 491 м хэмжээтэй байсан байна.

зургийг http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=155&t=116591&start=26 -аас авлаа

3. Хархорум хотын туурь – Одоогийн Хархорин сумын нутаг дэвсгэр дотор, Эрдэнэзуу хийдийн зүүн талд хаяа залган оршдог. Туурийн малтлагуудыг хийж буй. /өмнөх бичлэгт дэлгэрэнгүй бий/

4. Эрдэнэзуу хийд – Хархорин сумын төвд байрлаж буй. 1586 онд барьж эхэлсэн. 108 суварга бүхий хэрмэн хашаатай. Бурхны шашны уран барилгын онцгой төрөл. Автай сайн хаан бурхны шашныг Монголд дэлгэрүүлэх зорилгоор байгуулсан. /дараагийн бичлэгээр энэхүү хийдийн талаар дэлгэрүүлж танилцуулах болно/

5. Төвхөн хийд – Хархорин хотоос баруун зvгт 80 км, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас хойш 20 км, Орхон голын хойт талд, Архангай Өвөрхангай аймгуудын зааг Төвхөн ширээт уулын оройд байрладаг. Анхдугаар богд Өндөр Гэгээн Занабазар байгуулсан. Бясалгал үйлдэх, уран бүтээл туурвих газраа болгож байжээ. Алдартай бурхадуудаа энд цутгасан гэгддэг.

6. Дойт толгойн ордны туурь – Архангай аймгийн Хотонт суманд Хархориноос хойш 40 км-т байрлана. 45м х 6м талбайд нэлээд хэдэн барилгын суурь бүхий туурь юм. Энэ газар хавар шонхроор ан хийхдээ буудалладаг байсан Өгөөдэй хааны Гэгээн цагаан ордны туурь гэж үздэг.

7. Хутаг уулын булш - Архангай аймаг Хашаат суманд буй. VIII эсвэл IX зууны үед хамаарах булшнууд юм. Эдгээр булшны гуравд нь археологичид малтлага хийж, бүсний чимэг, сийлбэртэй мөнгөн чимэглэл, төмөр хутга, алтан ээмэг, морины хэрэгсэл, S хэлбэртэй морины амгайвч, эмээлийн оломны төмөр арал, төмөр дөрөө, ясан дэгээ зэргийг олжээ.

8. Талын дөрвөлжин дэх эртний хотын туурь - Архангай аймаг Хашаат сумын нутаг Хөгшин Орхоны ойролцоо оршдог. 100м х 80м-ийн хэмжээтэй дөрвөлжин хэлбэрийн шавар хэрэмтэй, хоёр талдаа хаалгатай хотын туурь юм. Хэрэмний баруун талаас 13 метрийн зайд 28х19 метрийн хэмжээтэй хорогдох газартай. Хэрэм дотор Хүннүгийн маягийн булштай.

9. Хар Бондгорын эртний хотын туурь - Өвөрхангай аймаг Хархорин сумын төвөөс зүүн тийш 15 км, Энэ газраас XIII зууны үеийн барилгын дээврийн шаазан, бусад барилгын материал, шавар болон төмөр эд зvйлс олдсон. Нэлээд хэдэн барилга, түүний дотор суваргатай төстэй барилгын туурь буй.

10. Баянголын амны эртний хотын туурь - Өвөрхангай аймаг Хархорин сумаас хойш 13 км, хоёр шавар барилгын туурьтай. Нэг нь Мэлхийт толгойн ордны туурьтай их төстэй 110м х 80м, нөгөө нь 140м х125м хэмжээтэй нэлээд хэдэн жижиг барилгыг багтаадаг. Хөх саарал тоосго, дээврийн шаазан олдсон. Хөндийн төгсгөлд бие биеээсээ 100м-300м тусгаарлагдсан зургаан шавар барилгын туурь буй.

11. Мэлхийт толгойн ордны туурь - Өвөрхангай аймаг Хархорин сум, Мэлхийт толгойн оройд оршдог 106м х78м хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй шавар хананы үлдэгдэл юм. Энэ дурсгалыг зарим эрдэмтэд Хархорум хотыг байгуулах эх болсон гэж vздэг.

12. Захын булгийн хэрэмний туурь - Өвөрхангай аймаг Хархорин сумаас зvүн урагш 5 км, 120м х 85м хэмжээтэй шавар хэрэм Майхан толгойн зүүн урд хэсгийн хоолойн оройд байрладаг. Нурангийн төв хэсэгт барилга байсан байж болох бага хэмжээний шаврын vлдэгдэл, хэрэмний нуранги буй. Түүхийн сурвалжаас үндэслэн 1238 онд Өгөөдэй хааны байгуулсан Тосху хот байсан гэж vздэг.

13. Гүмбийн дэнжийн буган хөшөө болон эртний булшууд - Өвөрхангай аймаг Хархорин сумаас баруун тийш 10 км. Энд нэг дөрвөлжин булш, нэг дугуй булш, 10 гаруй зуйван хэлбэртэй сийлсэн чулуун далантай булш байдаг. Эдгээр булшны голд хүрэл зэвсгийн үеийн нар, сар, бамбай, илд, сүх, буга дvрсэлсэн буган хөшөөтэй.

14. Нарийний амны дөрвөлжин ба овгор булш - Өвөрхангай аймаг Хужирт сумаас хойш 25 км. Хоолойн толгойд орших дөрвөлжин булш болон 10 гаруй булш шарил буй.

15. Мэлхий чулуу дурсгал - Өвөрхангай аймаг Хархорин сумаас 25 км. Энэ мэлхий чулуун дурсгал Хархорум дахь Өгөөдэй хааны ордны дэргэдэх мэлхий чулуутай яг ижил бөгөөд энд чулууны дарханы газар байжээ.

16. Майхан Толгойн Хүннүгийн ба дөрвөлжин булшууд - Өвөрхангай аймаг Хужирт сумаас хойш 30 км. Энд 30 гаруй Хүннүгийн булш, дугуй чулуун далантай хоёр том хиргисүүр, хүрэл зэвсгийн үеийн нэлээд хэдэн дөрвөлжин булш байдаг.

17. Бэрхийн булан дахь эртний булшууд - Өвөрхангай аймгийн Хужирт сумаас зүүн хойш 20 км. Хүрэл зэвсгийн үеийн 10 орчим дөрвөлжин булш, хиргисүүр, Хүннүгийн үеийн 23 булш байдаг. Булшны малтлагын үеэр олсон эд өлгийн зүйлсийн дунд морины янз бүрийн яс, хөөнд харласан шаазан савны хэлтэрхийнүүд, морины төмөр амгайвч, морины уналгын бусад хэсэгсэл байв.

18. Ар Бөөрөгийн эртний булшууд - Өвөрхангай аймгийн Хужирт сумаас хойш 20 км. Хүрэл зэвсгийн үеийн булшууд гэж тооцогддог.

19. Хужиртын ам дахь Ордны туурь - Өвөрхангай аймаг Бат-Өлзийт сумаас баруун хойш 10 км. Энэ ордны туурийг Монголын эзэнт Гүрний үед хамааруулж үздэг.

20. Орхоны хөндий дэх эртний булшууд - Өвөрхангай аймаг Бат-Өлзийт сум, Орхон голын баруун эргийг даган нэлээд хэдэн барилгын нуранги, булш, түүний дотор янз бvрийн дөрвөлжин, овгор булшууд буй.

21. Орхон голын эхийн хадны сүг зураг - Өвөрхангай аймаг Бат-Өлзийт сум, Орхоны бага хүрхрээний ойролцоо хүрмэн чулуун хадан дээр нарийн судлагдаагүй сүг зургууд буй.

22. Тэмээн чулууны Буган хөшөөний болон дөрвөлжин булшууд - Өвөрхангай аймаг Бат-Өлзийт сум. Энд 30 орчим гантиг чулуун дөрвөлжин булш, гурван буган хөшөөний цогцолбор юм. Эдгээр булшны заримд нь малтлага хийхэд үхэр, хонины яс, Түрэг ба Уйгарын vед хамаарах хээлсэн шаазан эдлэлийн хэлтэрхий олдсон.

23. Ширээт уулын буган хөшөөнүүд - Өвөрхангай аймаг Бат-Өлзийт сум. Төвхөн хийдээс урагш 10 км, Буган хөшөөний цогцолбор байдаг. Одоогоор уг цогцолбор судлагдаагvй байгаа.

24. Шанх хийд - Өвөрхангай аймаг Хархорин сумын Шанх багт оршино. 1647 онд байгуулсан Монголын анхны буюу өвгөн хийдийн туурь юм. Шашин шүтлэгийн зарим дуганыг сэргээсэн. Түүний зэргэлдээ орших Чингис хааны төрийн туг, сүлдний тахилгын өргөөний туурийг сэргээх шав тавих ёслолыг 1998 онд Монгол улсын Ерөнхийлөгч оролцон хийсэн.

25. Шунхлай уулын эртний бүлэг булш, хиргисүүр - Өвөрхангай аймаг Хужирт сумаас хойш 1 км, Хүрэл зэвсгийн хожим, төмөр зэвсгийн түрүү үед хамаарах 100 орчим булш буй.

26. Хангайн Овоо тахилгат уул - Өвөрхангай аймаг Хархорин сумын төвөөс хойш 10 км-ийн дотор Хангайн нурууны төгсгөлийн энэ тахилгат уул эрт үеэс шүтэгдэж иржээ.

27. Өндөр Сант тахилгат уул - Архангай аймаг Хотонт сум, Далайн төвшнөөс 2312 метр өргөгдсөн. Өндөр сант бол зөвхөн цагаан идээний тахилгат уул юм.

Сэтгэгдэлүүд:

1. Dovchoo (зочин) | 2009-10-20 11:51:30
Saikhan medeelel bna
2. Tuul (зочин) | 2009-10-20 12:25:41
Баярлалаа найзаа сайхан зүйлд сатаарааад сайхан байлаа. Миний найз овоо дуулгавартай хүүхэд шиг болжээ сайн байна гэж...
3. ganbayar (зочин) | 2009-10-20 12:54:19
sonirholtoi bichleg bn aa bagshaa bayarllaa. manai angiinhnii zuun aimgaar yawsan dadlagiig tailan bolgood neg bichleg hiildee bagshaa. bid nar chin muis-iin tanii anhnii shawi nar bizdee. shaardlagatai bol tanid zuragnuudaa ugii. ajm-2004-2008 onii tugsugchdiin zurag tani blogd neg bhgui bnaa. gomdoj bn shuu bagshaa.
4. sss (зочин) | 2009-10-20 14:32:17
Хар Балгасны зураг биш л байна даа. Хар бухын балгасны зураг байна.
5. bi_banjig (зочин) | 2009-10-20 16:52:20
довчоо хөгшөөн амьд юм уу, яагаад сураггүй болсон бэ...

туул хэхэ...

ганбаяр аа, танайхны аялалаар нээрээ юу ч хийгээгүй байна уу, надад ч зураг цөөхөн л байгаа байх даа, гэхдээ нэг хийсэн л баймаар юм... одоо үзье ээ...

sss магадгүй ээ хө... нэтээс хайгаад л гарч ирснийг нь тавьчихсан юм, надад өөрт зураг нь байгаагүй юм... гэхдээ Хар балгас, Хар бухын балгас, мөн тэдгээрээс хожуу үеийнх ч гэлээ Цогтын балгас, Өвгөн хийд, Сарьдгийн хийд бүгдээрээ хийц болоод барилга байгууламжийн хувьд нэг ижил байдаг...
6. Nyamka | 2009-10-20 17:01:43
сайхан нийтлэл байна даа очиж үзхийнсан гэж бодогдоод байхымдаа
7. Наргил | 2009-10-21 11:29:05
очиж үзхийсан гэсэн газар зөндөө байна даа
8. bomberder | 2009-10-21 11:42:52
ulaanbaataraas naad ruu chini ochih zamd HUGNU HAN uuland bas uzmer tuuri baidag yum sh dee tuuniig orhiod yaahav
9. буяндэлгэр (зочин) | 2009-10-23 15:24:27
монгол орон маань үзэх харах судлах зүйл мөн арвин даа. хааяа устаж үгүй болохоос нь өмнө бүгдийг нь үзчих юмсан гэж бодох юм. аялагчидын хувьд сайхан мэдээлэл байна баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.