
2009 оны 9-р сарын 1-нд Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дахь "Сангийн далай" хийд ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн бүсийн энэ оны "ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ШИЛДЭГ"-ийн шагналыг хүртжээ. Энэхүү шагнал нь дэлхийн улс түмнүүдийн түүхийн дурсгалт барилга байгууламжууд, дэлхийн хэмжээний үнэт өв - соёлын зүйлс, хүний сод түүхэн бүтээлүүдийг үнэлж, хадгалалт хамгаалалтад авч, түүнийг бүртгэлжүүлэхэд чиглэсэн шагнал бөгөөд энэ жил Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд 14 орны 48 соёлын өв нэр дэвшсэн юм байна.
Түүхийн хувьд "Сангийн далай" хийд нь 18-р зууны эхээр байгуулагдсан бөгөөд цагтаа 200 орчим лам хувраг шавилан суудаг, 11 сүм дугам, 13 жастай, говийн их торгоны зам дайрч өнгөрдөг, орон нутагтаа нэр хүндтэй олны хөлийн газар байсан гэдэг.
Хэлмэгдүүлэлтийн хар жилүүдэд уг хийд бүрэн устаж сүйдсэн бөгөөд цөөхөн туурь, балгас үлдсэн байсан тухай "Монгол нутаг дахь түүх соёлын дурсгалууд" номонд дараах мэдээлэл байна. Үүнд:
"Хийдийн үлдэгдэл болох шавар хэрмэн хашаан дотор гурван жижиг, хоёр том барилга дугам байгаа бөгөөд гол дугам болом бусад дугануудын зөвхөн туйр л үлджээ. Үлдэгдэл дуганууд нь гол дуганы турийг тойрон байгаа ба хэлбэр хийцийн хувьд дөрвөлжин хэмийг голлон баригдсан аж. Зүүн баруун хоёр дугам нь тоосгон намхан дээвэртэй, ил гарсан яс моднуудад цэцгэн хээг ухаж сийлсэн, хөх тоосгон ханатай, урагш харсан хаалгатай юм. Хойд жижиг дугануудын дундах тэг дөрвөлжин хэлбэртэй дээвэргүй дуган нь бусад барилгуудаас өвөрмөц. Хана нь дээд хэсгээрээ давхар хүрээтэй, хүрээ нь хагас алхан хээтэй, хүрээн дотор соёмбо үсгийг товойлгон эгнүүлж дээр доор нь хүрээний гадна талд бадаар дэвсгэр хүрээ тавьжээ. Дуганы залгаа урд талын үүдэн саравчны гаднах тулгуур баганыг монгол гэрийн унины хэлбэртэйгээр, цэцгэн болон үүлэн хээгээр чимэглэжээ. Ил харагдах яс модыг мөн шоо дөрвөлжин хээг давтагдсан байдлаар ухаж сийлсэн нь Өвөрхангай аймаг дахь Төвхөн хийдийн Бүтээлийн сүмийн хийцийг санагдуулна. Зүүн талын дуган нь гурван залгаа үе бүхий , хойд талын байшин нь өндөр оройтой, урд талын байшин нь намхавтар оройтой бол дундах байшин дээвэр нь тэгш, хананд нь соёмбо бүхий хээ чимэгтэй. Сангийн далай хийдийн дугануудын хананы чимэглэл нь ялангуяа соёмбыг хээнд өргөн хэргэлснээрээ монгол нутаг дахь бусад сүм хийдүүдийнхээс өвөрмөц онцлогтой"

Орхигдсон туурийн байдал иймэрхүү байсан бололтой /origo.mn/24tsag/2008/05/18/12966/
Энэхүү хийдийг Говийн хөгжлийг дэмжих төрийн бус байгууллагуудын холбооны санаачлагаар 2002 - 2007 онд сэргээн засварлаж, хийдийн зургаан барилга, тоосгон хашаа нурж эвдэрснийг урьд нь байсан хэвээр сэргээн зассан байна. Ингэхдээ хятадын уламжлалт хөх тоосгоны үйлдвэрийг Сангийн далайд байгуулж ашиглажээ. Энэхүү ажилд Германы Мизеорер сангаас 250 мянган ам.долларын хөрөнгө зарцуулсан байна.

300 жилийн дараа дахин амилж буй говь нутгийн шашин соёлын энэ төвд шашны сургууль, ардын уламжлалт эмнэлэг, лам сvсэгтэн олны дурсгалын музей ажиллах юм байна.
Жич нэгэн зүйлийг нэмж дурдахад зарим хүмүүс уг хийдийг Дорноговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Угтаал сангийн далай хийдтэй андуурах тохиолдол нэлээдгүй гарч байгааг залруулсу.
Эх сурвалж: http://www.unescobkk.org/fileadmin/user_upload/culture/heritage_awards/press_releases/PR_HA_2009_winners.pdf



Сэтгэгдэлүүд:
Манайхан ийм газруудаа өөд нь татвал үзүүлж харуулах юм ихтэй ард түмэн дээ... Гадныхан чинь шал инээдтэй юмнууд тавьчихаад л үзүүлээд мөнгө олоод байдаг шд....
Бүгдтэй нь санал нийлэв.
Сэтгэгдэл үлдээх: