Түрүүчийн долоо хоногт олон ажил давхцаад жаахан завгүй байснаас болж өнгөрсөн ажлуудын талаар бичлэгүүдээ хугацаа жаахан хождуулж байгаадаа хүлцэл өчье. Юуны түрүүнд Отгонтэнгэр их сургууль дээр зохиогдсон "Аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлцгээе" сэдэвт улсын тэмцээний фото сурвалжлагыг Д.Мөнхтөмөрийн авсан фото зургуудаар хүргэж байна. Миний аппарат жаахан асуудалтай байгаа, энэ дашрамд дутууг минь нөхөж, дундуурыг минь дүүргэж байдаг Мөөгий анддаа бас талархаж байна.

Тэмцээний индэр /зургийг www.monreve2002.bblog.mn-ээс авсан/
Дашрамд дурдахад миний блогний хамгийн их уншигдсан бичлэгүүд хэсэгт энэхүү тэмцээний тухай бичсэн өмнөх жилийн тайлан мэдээг зарим хүмүүс уншаад энэ жилийнхтэй андуурч, буруу мэдээлэл бичлээ хэмээн шүүмжилсэн байна лээ, миний бие хугацаа алдан мэдээлэл гаргаж байгаагаас энэхүү төөрөгдөл гарсанд дахин хүлцэл өчсү.

Тэмцээний үеэр зохион байгуулагч Отгон тэнгэр их сургуулийнхан урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлсэн
Тэмцээнд өмнөх жил 10 их, дээд сургууль оролцож байсан бол энэ жил 16 их, дээд сургууль оролцсон нь бидний зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ сургуулиудад, тэр дундаа оюутан залуус, багш нарын сэтгэлд хүрч, тэдний хүсэн хүлээдэг аялал жуулчлалын салбарын нэг томоохон арга хэмжээ болж чадсаныг илэрхийлж байгаа болно. Үүнд Монголын аялал жуулчлалын багш, судлаачдын холбоо төдийгүй биднийг дэмжигч багш, судлаачид, их, дээд сургуулиуд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын зочид буудлуудын холбоо, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв зэрэг олон байгууллага, хувь хүмүүсийн хүчин зүтгэл их үүрэг гүйцэтгэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгчдийн бүрэлдэхүүн /дандаа дарга нар хэхэ/
Манай тэмцээний манлайлагч сургууль дараа жилийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай, энэ нь нэг талаас тэмцээнийг зохион байгуулахтай холбоотой зардал, хөрөнгийн асуудлыг хялбар шийдвэрлэх арга, нөгөө талаас түрүүлсэн сургуульд ч гэсэн өөрийн үйл ажиллагааг энэ салбарын хамт олондоо дэлгэн харуулах том боломжийг олгодог юм. Энэ жилийн арга хэмжээг өнгөрсөн жилийн аварга "Отгон тэнгэр" их сургууль маш амжилттай зохион байгуулсан болно.

Оролцогч сургуулиуд мэндчилгээ дэвшүүлдэг, Их Монгол дээд сургуулийн баг
Тэд тэмцээний зохион байгуулалттай холбоотой шинэлэг асуудлуудыг санаачилж амжилттай зохион байгуулсан юм. Тухайлбал тэмцээнийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд оролцогч сургуулиудаас төлөөлөл ороогүй нь тэмцээний шүүлт шударга байх, тэмцээний дараа үр дүнтэй холбоотой аливаа маргаан гарахгүй байх нөхцлийг тодорхой хэмжээгээр бүрдүүлж чадсан юм. Гэсэн ч сайныг дандаа саар дагаж байдаг учраас энэ жилийн тэмцээний үеэр ч зарим сургууль эцсийн үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан, энэ нь тэмцээний явцад шүүгчдийн үнэлгээ нийтэд ил тод байж чадаагүйтэй холбоотой байж болох юм гэж дүгнэж байгаа, үүнийг дараа жил зохион байгуулах сургууль маань анхааралдаа авах биз ээ.

Сургууль болгон өвөрмөц шийдэлтэй мэндчилгээ дэвшүүлж байлаа
Энэ жилийн бас нэг шинэ шийдэл нь зохион байгуулагч сургууль тэмцээнд оролцоогүй, гэхдээ тэмцээний дундуур тус сургуулийн авъяаслаг оюутан, залуус маань нэгэн зорилгод суралцан яваа оюутан залуус, багш нартаа мэндчилгээ дэвшүүлж, төрөл бүрийн тоглолт үзүүлж байсан нь үнэхээр талархууштай байсан шүү.

Сургуулиуд өмнөх жилүүдээс илүү сайн бэлтгэлтэй ирсэн байлаа
Энэ бүх арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Отгон тэнгэр их сургууль, гардан удирдаж зохион байгуулсан Болормаа, Цогтбаяр багш нартаа нийт оролцогчдын өмнөөс талархал илэрхийлэхийн хамтаар та бүхний эрдэм судлалын ажилд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөх байна.

Тэмцээний дундуур
Тэмцээний зохион байгуулалтын талаар зарим зүйлсийг товч танилцуулах нь зүйтэй болов уу. Тэмцээнд аялал жуулчлалын их, дээд сургуулиудаас тус бүр нэг баг ордог юм, баг нь 1-р ангийн 1, 2-р ангиас 2, 3-р ангиас 2, 4-р ангиас 1, нийт 6 оюутны төлөөллөөс бүрдэх ёстой юм.

тэмцээний дундуур /Сараа багшийн харц ширүүн байна аа/
Багууд тэмцээнд ирэхдээ мэндчилгээ бэлтгэж ирэхээс гадна Монголын аялал жуулчлал, Аялал жуулчлалын үндэс, Монголын газарзүй, Аялал жуулчлалын маркетинг ба менежмент, Аялал жуулчлалын эрх зүй зэрэг хичээлийн сэдвээр бусад багуудад тавих асуулт бэлтгэж ирэх ёстой.

Багууд сугалаагаа сугалж байна
Тэмцээн эхлэхэд багийн ахлагч нар дарааллаа сугалж, дарааллын дагуу багууд хоёр хоёроороо тайзнаа гарч, сугалсан асуултандаа хариулах журмаар явагддаг юм. Эндээс хамгийн их оноо цуглуулсан баг ялагч болох боломжтой, гэхдээ тэмцээний төгсгөлд багийн ахлагч нарын тэмцээн болдог, энэ үед багийн хувь заяа үндсэндээ шийдэгддэг гэж хэлж болно.

Багууд ширээнд



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: